
Хиймэл оюун ухаан ажилд авах үйл явцыг хурдасгаж, хүний нөөцийнхний ажлыг илүү үр дүнтэй болгож байна. Гэхдээ олон ажил олгогч хиймэл оюун ухаан хэдий хурдтай ч чанартай ажилтан сонгож авах тал дээр төдийлөн үр дүн үзүүлээгүй гэж үзсэн талаар LinkedIn-ий хоёрдугаар сарын 13-нд нийтэлсэн тайланд дурджээ.
Хиймэл оюун ухааны нөлөөгөөр ажил олгогчид шинэ ур чадвар эзэмших, ажлынхаа чухал хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болж байна. LinkedIn-ийн судалгаагаар харилцаа холбоо хөгжүүлэх ур чадвартай ажилтан авах эрэлт жилийн дотор 54 дахин өссөн байна. Хиймэл оюун ухаан нэгэн хэвийн, давтагддаг ажлуудыг гүйцэтгэж байгаа тул ажил олгогчид стратегийн ур чадвартай, ажил горилогчдод зөвлөгөө өгөх чадвартай хүний нөөцийн ажилтан илүүтэй хайж эхэлжээ.
Хиймэл оюун ухаан болон хүний нөөцийн ажилтны уялдаа чухал ач холбогдолтой. Учир нь компаниуд одоо шинэ ажилтны чанарт илүү их анхаарч эхэлжээ. LinkedIn-ийн тайланд дурдсанаар олон хүний нөөцийн ажилтан хиймэл оюун ухаан чанартай ажилтан ажилд авахад туслах боломжтой гэж үзэж байна.
Ажилд авахдаа тухайн хүний чадвар, чанарыг анхаарах болсон нь хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт орж байгаагийн илрэл юм. BambooHR-ийн тайланд дурдсанаар 2023 оны арван хоёрдугаар сард байгууллагуудын ажилд авах түвшин сүүлийн таван жилийн хамгийн доод цэгт хүрсэн байна. Мөн АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос гаргасан тайлангууд хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа ч цар тахлын дараах хурдтай өсөлт зогссоныг харуулж байна.
“Одоогийн чанартай ажилтан ажилд авах эрэлт нь өнгөрсөн жилүүдийн алдааг засах алхам юм” гэж LinkedIn-ийн тайланд онцолжээ. 2021-2022 оны “Их шилжилт”-ийн үед олон компани хурдыг чанараас илүүд үзэж, ажилд авах шийдвэрээ түргэн гаргаж байсан. Харин ажилд авах үйл явц удааширч буй энэ үед компаниуд богино хугацааны үр ашиг гэхээсээ илүү урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэх болжээ.
Ажилд авах чанарыг хэмжих нь амаргүй ч LinkedIn-ийн судалгаанд оролцсон хүний нөөцийн ажилтнуудын 61 хувь нь хиймэл оюун ухаан энэ үйл явцыг сайжруулж чадна гэж үзсэн байна. LinkedIn-ийн нэгэн эх сурвалжийн хэлснээр, хиймэл оюун ухаан нь ажил горилогчдын ур чадвар, боломжит нөөцийг илүү гүнзгийрүүлэн шинжилж, зөвхөн намтар болон ярилцлагаас давсан мэдээлэл өгөх боломжтой аж.